Нийтэлсэн: 2018/11/16

ЗОРИЛГО ГЭЖ ЮУ ВЭ?

Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Хүмүүс ямар ч мэдээллийг маш олон эх сурвалжаас цуглуулах боломжтой. Гэвч тэдгээр олон мэдээллүүдийн аль нь зөв, аль нь буруу вэ? гэдгийг танин мэдэх арга барил нь хүмүүст дутагдаж байна. Улмаар цэгцтэй сэтгэхэд нь сөргөөр нөлөөлжбайна. Энэ бол зөвхөн монголд төдийгүй, дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй олон хүмүүст тулгарч буй том бэрхшээл юм. Гэхдээ энэ бэрхшээлийг арилгах шийдэл байна. Системийн болон логик сэтгэлгээний онол, сэтгэлзүйн ухаан нь хүмүүсийг цэгцтэй сэтгэхэд тусална.

Бид энэ удаагийн нийтлэлийн сэдвээр ЗОРИЛГО гэсэн ойлголтыг сонгосон нь дараах шалтгаантай. Үүнд:

  1. Хүн бүрийн нийтлэг хэрэглэдэг, зайлшгүй таньж мэдэх шаардлагатай ойлголтуудыг тодорхойлж, “ЮУ” буландаа нийтлэх. Тэдгээр ойлголтуудын нэг нь ЗОРИЛГО юм. Хувь хүний зорилго, байгууллагын зорилго, бүлгийн зорилго, нийгмийн зорилго гэх мэтчилэн бид байнга ярьж, хэрэглэдэг.
  2. Нийтлэлийн сэдвээр ойлголтуудыг цэгцтэй, дэс дараалалтайгаар сонгох. Эхний нийтлэлд тодорхойлсон “Хэрэгцээ”-нээс үүдэн “Зорилго” гэсэн ойлголтыг таньж мэдэх шаардлага бий болж байгаа юм.
  3. Мөн бид “Зорилго”-ын тодорхойлолтын хувилбарыг гаргасан юм. Уншигч та бүхэнтэйгээ мэдээллээ хуваалцахыг зорьлоо.

За бүгдээрээ Зорилго гэсэн ойлголтыг таньж мэдье!

Хүн амьдрахын тулд суурь хэрэгцээнүүдээ тогтвортой хангаж байх шаардлагатай бөгөөд хангах арга замыг байнга эрэлхийлж, улмаар хэрэгцээгээ хангасан байна гэж хийсвэрлэн бодож, мөрөөддөг байна. Тэрхүү мөрөөдлөө бодит байдал болгохыг зорьдог. Үүнээс үүдэн Зорилго гэсэн ойлголтыг таньж мэдэх шаардлага бий болж байгаа юм.

Хүн мөрөөдлөө бодит байдал болгохын тулд өөрийн хэрэгцээг хангахад чиглэсэн үйлдлүүдийг урьдчилан төлөвлөж хийдэг бол зарим тохиолдолд өөрийнхөө хэрэгцээнд захирагдаад, хүссэн хүсээгүй зарим үйлдлүүдийг урьдчилан төлөвлөхгүйгээр хийж явдаг ажээ. Тэгэхдээ өөрт байгаа нөөц /цагийн, мэдлэгийн, мөнгөний/-д үндэслэн чадахыгаа өөрөө хийгээд, чадахгүйгээ бусадтай хамтарч xийдэг байна.

“Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах үйл ажиллагааны онцлох хэв шинжийг илэрхийлсэн, тодорхой нөөц зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёолол юм.” гэж бид тодорхойлсон.

Дээрх тодорхойлолт нь  дараах хэв шинжүүдтэй. Үүнд:

  1. Зорилго бол албажуулсан томьёолол юм.
  2. Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах шаардлага юм.
  3. Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах тодорхой нөөцийг зарцуулахаар төлөвлөж, албажуулсан томьёолол юм.
  4. Зорилго бол тодорхой хэрэгцээг хангах үйл ажиллагааны онцлох хэв шинжийг илэрхийлсэн томьёолол юм.

Аливаа ойлголтын хэв шинжүүд нь хэд хэдэн шаардлагуудыг зайлшгүй хангасан байх ёстойг бид өмнө нийтлэсэн. Шаардлагуудыг энд дарж үзнэ үү.Бидний санал болгож буй Зорилгын тодорхойлолт нь цөөн хэв шинжүүдийг агуулсан, хэв шинжүүд нь нэг утгаар ойлгогдохуйц, хоорондоо логик уялдаатай, хэв шинжүүдийн шалгуурыг тодорхойлоход хялбар байгаа юм.

Хэд хэдэн эх сурвалжид Зорилгыг тодорхойлсон байдлыг ойлголтын тодорхойлолтод тавих шаардлагуудыг хангаж буй эсэхийг шалгаж үзье. 

  1. Монгол хэлний их тайлбар толинд, “Зорилго гэж алс ирээдүйд хүрнэ гэж төлөвлөсөн эрмэлзэл юм.”
  2. Википедиа нэвтэрхий толинд, “Зорилго гэдэг нь нэг хүний эсвэл бүлэг хүмүүсийн төсөөлөн харж, төлөвлөж, хүрэхийн төлөө зорьж буй ирээдүйн хүсэл тэмүүллийн талаарх санаа юм.”
  3. Америкийн бизнесмэн, зохиолч Харви Маккэй, “Зорилго бол дуусах хугацаатай төлөвлөсөн мөрөөдөл юм.”
  4. Бизнесийн толь бичиг сайт /businessdictionary.com/-д, “Зорилго бол тодорхой хугацааны дотор багтаан хүрэх нэг эсвэл хоёр зорилттой, мэдэгдэхүйц, хэмжигдэхүйц эцсийн үр дүн.” гэх мэтээр тодорхойлжээ.

Дээрх тодорхойлолтуудад туссан зарим хэв шинжүүд нь бидний тодорхойлолтын хэв шинжүүдтэй нийцэж байна. Үүнд:

  1. Зорилго бол хүний төлөвлөсөн мөрөөдөл юм.
  2. Зорилго бол тодорхой хугацаа/цагийн нөөц/-г зарцуулахаар төлөвлөсөн мөрөөдөл юм.

Дээрх тодорхойлолтуудад туссан зарим хэв шинжүүд нь байх ёстой шаардлагуудыг хангахгүй байгааг доорх жишээгээр харж болно. Үүнд:

  • Зорилго бол төлөвлөсөн эрмэлзэл, хүсэл тэмүүллийн талаарх санаа, төлөвлөсөн мөрөөдөл, эцсийн үр дүн гэх мэт хоорондоо ялгаатай хэв шинжүүдээр тодорхойлсон байна.
  • Алс ирээдүй, тодорхой хугацаа, дуусах хугацаа гэсэн хэв шинжүүд нь хоорондоо логикийн зөрчилтэй байна.
  • Төсөөлөн харж, төлөвлөж, хүрэхийн төлөө зорьж буй, тодорхой хугацааны дараа багтаан хүрэх, зорилттой, хэмжигдэхүйц гэсэн хэв шинжүүд нь тодорхой хугацааны дараа дуусах, хэмжиж болох гэсэн утгыг илэрхийлж байна. Иймд эдгээр хэв шинжүүдийн утга нь хоорондоо давхцсанбайна.
  • Эрмэлзэл болон мөрөөдөл нь хүсэл тэмүүлэл гэсэн хэв шинжийг агуулж байна гэж зарим эх сурвалжид тодорхойлсон байна. Эдгээр хэв шинжүүдийн утга нь мөн хоорондоо давхцсан байна.

Та дээрх тодорхойлолттой санал нийлж байна уу? Уншигч та нийтлэлийг маань оюундаа тунгаан болгооно уу.

Нэмж хэлэхэд өнөөдөр дэлхийн 7 тэрбум хүний хүлээн зөвшөөрсөн тодорхойлолт байдаггүй бөгөөд тэгэх ч боломжгүй гэдгийг дурдах нь зүйтэй болов уу.