Нийтэлсэн: 2018/11/07

КОМПАНИ БОЛ НИЙГЭМД ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ СИСТЕМ МӨН

Компани гэж юу вэ? гэж асуухаар та бидний оюун санаанд шууд л ашгийн төлөө байгууллага гэдэг зуршил болсон ойлголт буудаг. Ийм ойлголт нь хуучин тогтолцооны үед бий болж төлөвшсөн бөгөөд энэ ойлголтыг бид өнөө хүртэл хэрэглэсээр байгаа, хууль тогтоомжоо хүртэл энэ ойлголт дээр тулгуурлан гаргаж байна. Нягтлан үзвээс манай нийгэмд  учирч байгаа олон асуудлуудыг үүсгэж байгаа суурь шалтгаан нь энэ ойлголтыг бид шинэ нийгмийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх ажлыг хийгээгүйд оршиж байна. Тухайн компани яагаад, ямар зорилгоор оршин тогтнож буй бидний ойлголт тун ядмаг, бүрхэг байгаагаас бизнес эрхлэгчид болон нийгмийн бусад гишүүдийн хооронд байнгын зөрчилдөөн үүсч, улмаар тэдгээр зөрчилдөөн нь нийгмийн хамаг нөөц боломжийг сорж, нийгмийг тэр чигээр нь тамирдуулж байгаа юм. Хачирхалтай нь хөгжингүй гэж нэрлэдэг зарим орнуудад ч гэсэн бизнесийн мөн чанар, туйлын зорилгын талаарх ойлголт нь бидний ойлголттой ижил төстэй төдийгүй, тулгарч байгаа асуудлууд нь бидний өмнө тулгардаг асуудлуудтай харьцуулахад маш гүн, угшмал болжээ.

Компани ба эдийн засгийн эрх чөлөө гэдэг ойлголтууд хүйн холбоотой.

Эдийн засгийн эрх чөлөө нь хүмүүс бие биеийнхээ тодорхой хэрэгцээг хангахад чиглэгдсэн цогц үйл ажиллагааг эрхлэх боломжийг илэрхийлж байгаа бөгөөд иргэн бүрт эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэх нөхцлийг баталгаатай  хангах нь нийгэм өөрөө урт хугацаанд тогтвортой оршин тогтнох суурь нөхцөл юм. Доржийн өөрөө хангаж чаддаггүй эсвэл боломжгүй хэрэгцээг хангах бараа, үйлчилгээг Дондог бий болгон Доржид нийлүүлэх, Дондогийн өөрөө хангаж чадахгүй эсвэл боломжгүй байгаа хэрэгцээг хангах бараа үйлчилгээг Должин үйлдвэрлэж нийлүүлэх гэх зэрэг гинжин урвал мэт үргэлжлэх харилцан хамааралтай гүйцэтгэх үйл ажиллагаануудаар эдийн засгийн үйл ажиллагааг энгийнээр төсөөлж болно. Дондог Доржийн хэрэгцээнд нийлүүлэх бараа, үйлчилгээг үйлдвэрлэх, бий болгох ажлыг ганцаараа хийж чадахгүй тохиолдолд бусад хүмүүсийг татан оролцуулж дээрх эдийн засгийн үйл ажиллагааны зохион байгуулалтын  илүү нарийн, төвөгтэй хэлбэр рүү орно. Ингэснээр та бидний компани гэж нэрлэдэг бүтэц бий болох суурь нөхцөл бүрдэж байгаа хэрэг.

Компанийн үйл ажиллагаанд идэвхитэй нөлөөлөх байдлаар нь оролцогчдыг гурав ангилж болно.

-  Хэрэглэгч

- Ажилтан

- Хувьцаа эзэмшигч  

 

Эдгээрээс гадна идэвхигүй хэлбэрээр оролцдог бусад оролцогчид , тухайлбал, ханган нийлүүлэгчид, төрийн байгууллагууд , төрийн бус байгууллагууд бий.

 

Хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашиг л  компани оршин тогтнох, тогтвортой үйл ажиллагаа явуулах суурь шалтгаан нь болдог. Нийтлэг эрх ашиг гэж юу вэ , түүнийг хэрхэн, ямар үзүүлэлтээр  хэмжих вэ гээд олон асуултууд мэдээж хөвөрнө. Хүмүүсийн нас хүйс, гарал үүсэл, хөрөнгө чинээнээс үл хамааран амьд явах, амьдрахад заавал хангах учиртай нийтлэг суурь хэрэгцээнүүд байгааг эрдэмтэн мэргэд нэгэнт тогтоожээ. Чухам эдгээр нийтлэг суурь хэрэгцээнүүд нь аливаа компанийн хэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигчдийн нийтлэг эрх ашгийг бүрдүүлж байгаа юм. Энд дурьдагдаж буй нийтлэг суурь хэрэгцээний талаар, тэрхүү хэрэгцээг 9 ангилалд хуваасан Макс Нееф хэмээх эрхэмийн бүтээлийн талаар бид өмнөх дугаартаа өгүүлсэн билээ.

Эдгээр хэрэгцээг хангаснаараа хүн өөрийгөө амьд байлгах төдийгүй сэтгэлийн ханамж авах бөгөөд тийм хэрэгцээгээ хангахын тулд хүнд  цаг хугацаа, мэдлэг, эрчим хүч /амьд системийн хувьд мөнгө нь эрчим хүчийг орлоно/ гэсэн гурван гол нөөц шаардагдана.

Олон хүн энэ гурван нөөцийг бүрдүүлчихвэл амьд яваагийнх нь зорилго биелсэн мэтээр ойлгодог нь тухайн хүний амьдралд олон асуудлуудыг бий болгох шалтгаан болдгийг энд өгүүлэх нь зүйтэй. Харин эдгээр нөөц дутагдвал, тухайн хүн хэрэгцээгээ хангаж чадахгүйд хүрнэ.

Компаниас тодорхой ажил үйлчилгээ авдаг хэрэглэгчийн хувьд тухайн компани ямар нэг шалтгаанаар оршин тогтнохоо болилоо гэхэд тэр хэрэглэгч өөр компани дээр очиж үйлчлүүлнэ. Эсвэл яаж ийж байгаад өөрөө тэрхүү хэрэгцээгээ хангаж чадна.

Эндээс үзвэл, компани нь тухайн хэрэглэгчийн хэрэгцээг нь хангаж өгч байгаа биш харин тухайн хэрэгцээг хангахад нь харьцангүй давуу талыг олгож байгаа учраас тэр хэрэглэгч уг компанийг сонгон үйлчлүүлж байгаа хэрэг.

Жишээлбэл, хэрэгцээгээ хангахад шаардагдах цаг хугацаа эсвэл мөнгөө хэмнэх, эрсдэлийг бууруулах  гэх мэт. Ингэснээр компани аль ч хэрэглэгчийн аливаа суурь хэрэгцээг хангахад цаг, мөнгийг нь хэмнэж, тухайн хэмнэгдсэн цаг хугацаа, мөнгийг өөр илүү үр дүнтэй зорилгоор ашиглах боломжийг нь бүрдүүлж байна гэсэн үг.

Компанийн ажилтан бол тухайн компанид ажилласнаараа суурь 9 хэрэгцээгээ хангах, боломжтой болж байгаа юм. Ажил нь  хүнийг сурах, бүтээх, өөрийгөө илэрхийлэх, ойр дотныг мэдрэх, өөрийгөө сорих, өөрийгөө бусдаар хүлээн зөвшөөрүүлэх, амьжиргаагаа хангах дээшлүүлэх гээд бүхий л суурь хэрэгцээгээ хангах хэрэгсэл болдог. Чухам ийм л учраас ажил эрхлэх нь хүнийг төлөвшүүлээд зогсохгүй тухайн хүний бүхий л нөөцийг бусдад үнэ цэнийг бүтээх үйлсэд зориулах боломжийг олгож байгаа юм. Ажилгүй хүн бусдад хэрэгтэй зүйлийг нь бүтээж өөрийнхөө хэрэгцээг хангах боломжгүй бол бусдын эрх ашгийг хохироох замаар өөрийнхөө хэрэгцээг хангадаг нь хэнд ч ойлгомжтой. Өнөөдөр аливаа компанийн нийгэмд үзүүлж байгаа нөлөөллийг хэдэн төгрөгийн татвар төлж байгаагаар хэмжиж байгаа нь бид компани гэдэг ойлголтоо цэгцлээгүй байгаагийн гор. Компанийн эзэн хэн байх нь тийм чухал биш. Компани монгол эзэнтэй байх ёстой, компанийг төр эзэмших ёстой хэмээн уриалах хүмүүс олон байна. Энэ бол бидний сэтгэлгээ хуучин хэвээрээ, зуршмал сэтгэлгээтэйгээ зууралдсаар байгаагийн илрэл мөн.

Компани ажлын байр бий болгож, хүмүүсийг ажиллуулж байгаа нь зөвхөн тухайн хүний хэрэгцээг хангах үнэ цэнийг бүтээж байгаагаар хязгаарлагдахгүй, тухайн ажилтны гэр бүлийн, нийгмийн өмнө тулгарч байгаа маш олон асуудлуудыг , түүний дотор боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хэв журмын асуудлуудыг шийдэж байгаа юм. Ийм их үнэ цэнийг бүтээх үйлсийг тухайн компанийн хувьцааг эзэмшигчийн ашиг олох хүсэл эрмэлзлэлээр хэмжиж, бас дүгнэж байгаа  нь эрүүл ухаантай зөрчилдөх төдийгүй нийгэмд багагүй асуудлуудыг үүсгэж байгааг ойлгох цаг нэгэнт болжээ.

Бизнес эрхлэнэ гэдэг бол урлаг юм хэмээн дэлхийд алдартай нэгэн эрхэм өгүүлсэн нь бий. Бизнес амжилттай эрхэлж, үр шимийг хүртэхийн  тулд хэнбугай ч байсан асар их саад бэрхшээлийг зайлшгүй даван туулдаг. Энэ даван туулах үйл ажиллагаа нь бүтэлгүйтэл, алдаа, оноогоор дүүрэн байдаг нь хорвоогийн жам юм. Ийм сонголтыг хүн ухамсартайгаар хийдэг, харин энэ сонголтыг хийхэд хүргэж байгаа шалтгаан бас л нөгөө 9 суурь хэрэгцээ байдаг. Ашиг олох зорилгоор, эсвэл шунахайн сэдлээр  энэ сонголтыг хийдэг гэдэг нь хуучин нийгмээс бидэнд тулгаж, бидний оюун ухаанд гүн суулгасан хэвшмэл ойлголт. Хачирхалтай нь бизнес эрхлэгчдийн дунд хүртэл ийм ойлголттой хүмүүс заримдаа тааралддаг. Ийм сэтгэлгээтэй бизнес эрхлэгчид бол эрт орой хэзээ нэгэн цагт заавал том асуудалтай учирдаг, түүнийгээ шийдвэрлэхийн тулд хэвшмэл ойлголтоосоо салахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

Монголын дундаж хэмжээний бизнес эрхлэгч буюу бидний хэлдгээр компанийн хувьцаа эзэмшигч бол судлаач, сэтгэгч, зохион бүтээгч, хянагч, шалгагч, гүйцэтгэгч, дасгалжуулагч, нанчилдагч гээд маш олон төрлийн ур чадвартай байхаас өөр аргагүй.

Ийм ур чадварыг эзэмшээд хийж байгаа ажлын дийлэнх нь оюуны хөдөлмөр учраас нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй. Тийм болохоор олон хүмүүс тухайн компанийн захирал, эзэн нөр их оюуны хөдөлмөр эрхэлж байгааг нь мэддэггүй, бизнес эрхэлнэ гэдэг бол хялбар аргаар мөнгө олох арга хэмээн сэтгэнэ.  

Гэтэл энэ их хөдөлмөрийг эрхлэх явцад алдаа, эндэгдэл, бүтэлгүйтэл алхам тутамд отож байдаг, олон бизнес эрхлэгчид тийм бүтэлгүйтлийг туулан байж амжилтанд хүрдэг.

Ийм замыг туулсан хүн бол бизнесийнхээ утга учрыг мөнгөөр хэмжихээ болиод хэдэн хүний амьдралыг эерэгээр өөрчилсөнөөрөө хэмжиж эхэлдэг.

 

Эцэст нь компани гэдэг ойлголтыг орчин цагийн шаардлагад нийцүүлэн тодорхойлж үнэ цэнэтэй санаа, оноогоо ирүүлэхийг уншигчдад уриалж энэхүү нийтлэлээ өндөрлөе.

“Компани бол хүмүүс харилцан бие биедээ үнэ цэнийг бүтээх зорилгоор хамтран ажиллахад хэрэглэдэг зохион байгуулалтын нэгж мөн”.  

 

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Economy /144 дугаар/