Нийтэлсэн: 2018/11/07

ХҮНИЙ СУУРЬ ХЭРЭГЦЭЭ БА ТҮҮНИЙ АНГИЛАЛ

Бидний үеийнхэний хамгийн том алдаа бол магадгүй бид өөрсдийгөө , түүний дотор өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн таньж мэдээгүй явдал юм.  Ингэж таньж мэдээгүйн хор уршгийн цар хүрээг үгээр илэрхийлэхийн аргагүй бөгөөд үүний улмаас бид маш олон асуудалтай тулгараад байгаа төдийгүй цаашид ч бидний амьдралд  их төөрөгдөлийг бий болгож, ихээхэн хүнд сорилтуудыг тулгасаар байх болно. Хуучин социализмын үед хувь хүний хэрэгцээ шаардлагыг үл ойшоон хүн бүрийг “ улсын “ , “нийгмийн ” хэмээх хэрэгцээ шаардлаганд үг дуугүй захирагдахыг шаарддаг байлаа.  Уг нь нийгмийн хэрэгцээ шаардлага нь иргэдийн нийтлэг хэрэгцээ шаардлагаас бүрэлдэж байх нь зүй есны боловч хуучин нийгэмд улсын ба нийгмийн хэрэгцээ шаардлагыг иргэдийнхээ хэрэгцээ шаардлагатай сөргөлдүүлэн , өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг илэрхийлсэн аливаа үйлдэл, иргэн  болгоныг нухчин дардаг байсныг бидний үеийхэн санаж байгаа л байх. Ийм сэтгэлгээ бидний үеийнхэний төдийгүй биднээр дамжин бидний үр хүүхдүүдэд одоо болтол бидний бодол, санааг удирдсаар байгаа төдийгүй бидэнд олон олон асуудлуудыг үүсгэсээр байна. Нийгмийн тогтолцоог өөрчилсөн ч бид өөрсдийгөө, өөрсдийнхөө хэрэгцээг таньж мэдээгүй будилсан хэвээрээ, бие биенийхээ үйлдэл, үгийг хуучин нийгмээс өвлөн авсан  ойлголтоороо шүүж шүүмжилсээр л байна. Бидний дийлэнхи маань нийгмийн аль нэг гишүүний хийж байгаа үйлдлийг тухайн хүний хөрөнгө мөнгө олох, түүнийгээ нэмэгдүүлэх хүсэл, эрмэлзлэлээр тайлбарлаж бас буруутгаж байна. Зарим маань мөнгө хөрөнгөтэй л байвал амьдралынх нь зорилго биелэгдэж байна гэж үзнэ. Ийм сэтгэлгээний хандлагаас болж “орондоо орох завгүй , хөнжилдөө орох завгүй” хөрөнгө мөнгө булаалдан тэмцэлдэж байна. Түүгээр ч барахгүй тэгэж булаалдан тэмцэлдэхдээ бусдыг татан оролцуулж нийгмийг хагаралдуулж, нийгмийнхээ хамаг нөөц боломжийг тамирдуулж  байгаа нь нууц биш. Компани байгуулаад ажил төрөл нь урагштай байвал энэ муу их шуналтайяа гэх, төрд эсвэл нийгэмд хэрэгтэй санаачилга гаргаж хэрэгжүүлээд эхэлбэл энэ нөхөр нэр төр, эрх мэдэлд шунаж байна гэх. Ингэж хэлдэг хүмүүсийн дийлэнхи олонхи нь итгэл үнэмшлээрээ ингэж дүгнэж, асуудалд хандаж байгааг бас өнөөдөр нийгэмд өрнөж байгаа олон мэтгэлцээн, маргаанаас олж харж болно. Тэгвэл бид юу хийх хэрэгтэй байна вэ?

Хүний аливаа үйлдлийн цаана тэр үйлдлийг хийхэд хүргэж байгаа тухайн хүний хэрэгцээ шаардлага заавал байдаг. Үүнийг сэдэл гэж ч нэрлэдэг. Тэрхүү үйлдэл хийхэд хүргэж байгаа хэрэгцээ шаардлагуудыг ангилж, сайтар танин мэдэх нь  бид ямар нэг зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэх цорын ганц арга зам юм.

Хувь хүн, гэр бүл, байгууллага, нийгэм нь тодорхой хэрэгцээгээ хангахын тулд л оршин тогтнодог. Тэдгээр  хэрэгцээнүүд маш олон янз байдаг боловч тэдгээрийн аль нь ч хүний хэрэгцээнээс үүдэн бий болдог. Хүний хэрэгцээг  жагсаавал мөн л маш олон төрлийн хэрэгцээнүүд байдаг бөгөөд тэдгээрийг хоер ангилж болно:

  1. Суурь хэрэгцээ

  2. Дагалдах хэрэгцээ

Суурь хэрэгцээнүүдийг судалж ангилах цэгцлэх талаар олон эрдэмтэд судалгаа хийж онол дэвшүүлсэн бөгөөд тэдгээрээс нилээд өргөн хүлээн зөвшөөрөгдөж , хэрэглэгддэг нь Маслоу гэдэг зохиогчийнхоо нэрээр танигдсан онол юм. Гэвч сүүлийн үед энэхүү онол нь дараахи хоер шалтгааны улмаас хэрэглээ нь хумигдаж байгаа юм. Үүнд:

  1. Уг онолд тодорхойлоогүй олон олон хэрэгцээнүүд хүнд байдаг нь бодит амьдралаар нотлогдож байгаа

  2. Маслоу-гийн онолоор тодорхойлсон хэрэгцээ  нь ангилал гэхээсээ илүү эрэмбэлэл гэж үздэг болсон.

Сүүлийн үед бодит амьдралд  илүү нийцсэн хүний хэрэгцээний суурь ангилалыг бий болгох талаар олон тооны судалгаа хийгдэж байгаагаас Макс Нееф гэдэг эрдэмтэний гаргасан ангилал /МНА/ ихээхэн анхаарал татаж, бас олон судалгаанд хэрэглэгдэж байгаа юм.

Хүний суурь хэрэгцээнүүд

МНА нь хүний суурь хэрэгцээг 9 ангилан хувааж үздэг бөгөөд уг ангилалд ороогүй бусад бүх хэрэгцээг эдгээр суурь хэрэгцээг дагалдах хэрэгцээ гэж үздэг.

Мөн эдгээр хэрэгцээ нь аливаа соел иргэншил , цаг хугацаанаас үл хамааран тогтвортой байдаг бөгөөд харин эдгээр хэрэгцээг хэрхэн хангах арга, хэлбэрээрээ ялгардаг гэж үздэг. Эдгээр хэрэгцээ нь хоорондоо харилцан хамааралтай төдийгүй бүгд нийлээд аль нэг нь байхгүй бол оршин тогтнох боломжгүй бүхэл бүтэн тогтолцооны хэлбэрээр оршдог ажээ. Мөн түүнчилэн Маслоу-гийн онолд санал болгодог шиг аль нэг хэрэгцээ нь заавал эхэлж хангагдах тухай эрэмбэлэл байхгүй гэж үздэг.
Энэхүү ангилалын нэг томоохон давуу тал нь ангилалд багтаасан хэрэгцээнүүдийг үндэслэн аливаа нэгдмэл зорилготой бүлэг хүмүүсийг багтаасан бүтэц, тухайлбал, гэр бүл, байгууллага, нийгэмийн нийтлэг хэрэгцээг уг бүлэгт багтаж байгаа хувь хүмүүсийн хэрэгцээг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр загварчилах боломж олгож байгаад оршино.

Залуу судлаачдыг дэмжих сан, ТУС Солюшн ХХК-аас хамтран МНА дээр үндэслэн хүний нөөц, эрсдлийн удирдлага, байгуулагын засаглалыг сайжруулах зэрэг чиглэлүүдээр  тулгарч байгаа асуудлуудыг шийдэх шинэлэг шийдлүүдийг гарган ажиллаж байгаа нь эерэг үр дүнд хүргэсэн төдийгүй цаашид МНА-ын хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

 

Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Жаргалсайхан.

ЭХ СУРВАЛЖ: Mongolian Economy /139 дугаар/