Системийн сэтгэлгээний талаарх ойлголтыг олон нийтэд түгээнэ.

Бид Системийн сэтгэлгээний талаарх ойлголтыг олон нийтэд түгээх ажлын хүрээнд Залуу судлаачдыг дэмжих сан болон Монголын эдийн засгийн сэтгүүлтэй хамтран ажилладаг. 2018 оны 1 сараас эхлэн сар бүр Монголын эдийн засгийн сэтгүүлд танин мэдэхүйн болон системийн сэтгэлгээний ач холбогдол, үр шимийн талаар нийтлэлүүдээрээ дамжуулан олон сонирхолтой мэдээ, мэдээллүүдийг та бүхэндээ хүргэхээр боллоо. Хамтын ажиллагааны дээжийг хүлээн авна уу.

Шинэ оны шинэ зорилго

Эрхэм уншигчид та бүхэндээ аливаа тулгамдсан асуудлуудыг танин мэдэх улмаар шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай Системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээний талаар  нийтлэлүүд болон  танин мэдэхүйн бусад арга хэрэгслэлийн тухай Монголын эдийн засаг сэтгүүлийн тусгай булангаар тогтмол уулзах болсондоо таатай байна. Энэхүү боломжийг олгож байгаа  Монголын эдийн засгийн сэтгүүлийн хамт олонд талархал илэрхийлье.

Системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээ гэхээр олон хүний санаанд  шууд л учир начир нь олдохгүй араа шүд, томьёо тэгшитгэлүүд ордог, тэгээд түүнээсээ болж уг сэдвийг судлах хүсэл эрмэлзэлдээ цэг тавьдаг. Гэтэл бодит байдал дээр системийн сэтгэлгээ, логик сэтгэлгээ гэдэг маань ердөө л эмх цэгцтэй, аливаа асуудлыг бүрэн бүтнээр нь харж сэтгэх тухай л асуудал юм.

Эмх цэгцтэй сэтгэлгээ нь тодорхой  юмс, үзэгдлийн  талаар өгөгдөл,  мэдээллийг цуглуулж, ангилж, боловсруулсны үндсэн дээр аливаа дүгнэлтийг хийдэг ур чадвар юм.  Бид эргэн тойрноосоо мэдээлэл, өгөгдөл байнга хүлээн авдаг, цуглуулдаг боловч, тэдгээрийг ангилан  боловсруулж өөрийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхэд шаардлагатай мэдлэг болгон ашиглах нь тун ховор.

Сүүлийн арав гаран жилийн дэлхийн хөгжлийн чиг хандлагыг задлан үзвэл бүх төрлийн бараа, үйлчилгээнүүд дотроос  хамгийн үнэ цэнэтэй нь алт биш, нефть биш, мөнгө биш , зэвсэг биш харин бүтэцжүүлсэн өгөгдөл, мэдээлэлүүд болсон байна. Хамгийн оновчтой бүтэцжүүлсэн, шуурхай мэдээлэлтэй хүн бол алттай, нефтьтэй, мөнгөтэй аль эсвэл зэвсэгтэй болж чадах төдийгүй аливаа зорилгоо тууштай хэрэгжүүлж чаддаг болно  гэдэгт хэн ч одоо эргэлзэхгүй биз ээ. Эмх цэгцтэй сэтгэлгээ нь таны амьдралын бүхий л хүрээнд таныг олон олон таагүй асуудлаас сэргийлэн хамгаалах төдийгүй тайван амгалан, сэтгэл ханамжтай амьдрахад зайлшгүй шаардлагатай. 

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал нэрээр олноо танигдах болсон мэдээлэл, харилцааны хувьсгагч  технологийн ололтууд дээр суурилсан аварга том өөрчлөлтүүд дэлхий даяар өрнөж түүний гадна  нэг ч улс, нэг ч байгууллага, нэг ч гэр бүл, хувь хүн үлдэх боломжгүй боллоо. Бидний хэдэн монголчууд л Таван толгой, Оюу Толгой  зэрэг толгойнуудаа ярьсаар гадна нь үлдэх нь. Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хөдөлгүүр нь болж байгаа 10 гаруй технологийг эрдэмтэд нэрлэж байна.

Тэгвэл тэдгээр технологуудын нийтлэг хэв шинж нь  чухам юундаа байна вэ?  Танин мэдэх процессыг техникийн ололтыг ашиглан хурдасган, сайжруулж байгаа нь  л тэдгээрийн нийтлэг хэв шинж юм. Урьд өмнө цуглуулах боломжгүй, эсвэл цуглуулах, бий болгох нь маш өндөр өртөгтэй рийлтайм /realtime/ өгөгдлүүдийг маш бага зардлаар цуглуулж, улмаар тэдгээр өгөгдлүүдээ боловсруулан мэдлэг болгох аргыг хүний амьдралын бүхий л салаа мөчирт хэрэглэдэг болсноор хэний ч төсөөлж байгаагүй өргөн цар хүрээтэй эерэг өөрчлөлтүүдийг бий болгож, түүний давалгаа нь улам бүр эрч аван даялж байна.

Уудам тал  шигээ, хөх тэнгэр шигээ чөлөөтэй, задгай сэтгэлгээгээ цэгцтэй, цогц  болгож чадвал дэлхийд бий болсон технологийн ололтуудыг Монголчууд амьдралдаа давуу тал болгон ашиглаж чадах  төдийгүй өөрсдөө шинэ технологийг боловсруулан гаргаж олон улсын зах зээл дээр амжилт гаргах цаг холгүй мэт. 

Өнгөрсөн нийгмээсээ өвлөн авсан хуучинсаг сэтгэлгээ, хялбар аргаар том үр дүнд хүрэх эрмэлзлэлээс угшилтай бэлэнчилэх сэтгэлгээ, аливаа асуудлын нарийн ширийнийг судалдаггүй ерөнхийлдөг сэтгэлгээнүүд бидний сэтгэлгээнд давамгайлсаар байгаа  нь бидний өмнө тулгарсан хамгийн хүнд асуудал болоод байна. Ийм  сэтгэлгээг өөрчлөх нь  бид хөгжил дэвшилд хүрэх цорын ганц зам бөгөөд энэхүү өөрчлөлтийн их аянд хамтдаа гарцгаая. 

Залуу судлаачдыг дэмжих сангийн тэргүүн, Системчлэх үйлчилгээний ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д. Жаргалсайхан.

Odoo текст ба зургийн блок